Хүйсийн найман нуур үзэх мөрөөдлөө биелүүлээд ирсээн. 6 сарын 8-наас 11-ий хооронд нийтдээ 4 өдөр 3 шөнө зарцуулаад, хоёр өдрийг нь морин дээр өнгөрүүлж, хямд төсөр хирнээ хурдан хугацаанд үнэхээр үзэсгэлэнтэй газраар нүд, сэтгэлээ баясгаж яваад ирсэн талаараа та хэдтэй хуваалцъя.
Нийтдээ нэг хүний 230, 000 төгрөг зарцуулсан ба зардал болоод хувийн бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар эндээс уншаарай.
Миний багийн найз Уро бол надтай адилхан аялах дуртай хүн бөгөөд Хүйсийн найман нуурын чиглэлд мориор аялах талаар бид хоёр ярьж, уншиж байгаад өөрсдийнхөө боломжтой хугацааг ярилцаад шууд шийдээд явахаар болсон. Би уул нь морь унаж чаддаггүй, айдаг хүн ч гэсэн хоёр өдөр морь унахыг зөвшөөрсөөн кк. За тэгээд аялалын хамаг зохион байгуулалт, зохицуулалтыг манай найз хийж би зүгээр өөрийнхөө хувийн бэлтгэлээ базаахын хажуугаар мориноос айх айдсаа даван туулах сэтгэл зүйн бэлтгэл л хийсэн бөлгөө кк.
Хүйсийн найман нуур Өвөрхангай аймгийн Бат-Өлзий болон Уянга сумын зааг нутагт байх бөгөөд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Дөрөө, Баян, Хүйс гэсэн нэр бүхий хоорондоо холбоотой 8 нуур юм. Ил харагдах голоор холбогдоогүй ч гэсэн газар доогуур, усны судалаар хоорондоо холбоотой гэдэг юм билээ. Манай хөтөчийн хэлснээр Ширээт нуур болон Халиут хоёрын дунд тунель байдаг гэсэн. Тэрийг алдартай загас үржүүлгийн доктор Дулмаа нээсэн юм билээ. Тэр доктор Ширээт нууранд загас үржүүлэхээр тавьсан чинь Халиут нуур луу загаснууд орчихсон байсан гэсэн. Үүнээс үүдэн хоёр нуурын хооронд туннель байгааг олж мэдсэн гэдэг. Харахад ч гэсэн галт уулын дэлбэрэлтээс үүссэн чулуулагийн доогуур усны судалууд байгаа нь, бас хоорондоо холбоотой нь мэдрэгдэж байсан.
Ингээд Хүйсийн найман нуур луу хэрхэн аяласан бэ? гэж үү?
Хүйсийн найман нуур хүрэх замыг өөрсдийн явснаараа тайлбарлая. Ихэнх хүмүүсийн хувьд Уянга сум талаасаа жаахан муу замаар машинтай хүрч, Ширээт нуур ороод, түүнийгээ Хүйсийн найман нуур үзчихлээ гэж тооцдог юм билээ. Бид хоёрын хувьд нөгөө талаас нь буюу машин явах боломжгүй, зөвхөн мориор хүрдэг бөгөөд, бүх нууруудаа үзэх боломжтой замаар явсан :).
Бид хоёр УБ хотоос гараад Бат-Өлзий сум орсон. Бат-Өлзийн хот хоорондын зорчигч тээврийн автобус Драгон автобусны зогсоолоос өдөр бүр 14 цагт хөдөлдөг. Орой 22, 23 цагийн үед очдог. Харин Бат-Өлзийгөөс УБ хүртэл өдөр бүр 12 цагт хөдөлдөг. Орой 20, 21 цагийн үед УБ-т очдог. Замын зардал нэг талдаа нэг хүний 22400 төгрөг. Нийт замын урт-430км. (Автобус цагтаа хөдлөхгүй жаахан уддаг юм билээ. Бат- Өлзийнхөн уншиж байгаа бол цагтаа хөдлөөд нэгдсэн журмаар бие засах зогсолтуудаа хийгээд явбал аль аль талдаа цаг хэмнээд аятайхан байхаар байсан шүү.)
Бид хоёр шөнө Бат-Өлзийд очих үед манай хөтөч машинаараа тосч авч тэр шөнөө тэднийх руу буюу Улаан цутгалангийн хажууд очиж хоносон. Бат-Өлзийгөөс Улаан цутгалан хүртэл 30 гаруй км. Манай хөтөч залуу Пүрэвдоржийнх ер нь Найман нуурын орчим нутагладаг айл бөгөөд сүүлийн хоёр жил Улаан цутгалангийн хажуугаар нутагладаг болсон гэсэн. Гэртээ жуулчин хүлээн авч байрлуулах, хоол, цай болон мориор үйлчлэх, бас малчин аж байдлаа танилцуулдаг. Тэр хавийн айлууд бүгд гэрийнхээ хажууд жуулчин хүлээн авах тусгай гэртэй юм билээ. Бид хоёрыг очиход бороо орж байсан ба зочны гэр нь дотроо 4 ортой тохилог гэр байсан.
Өглөө нь бид цайгаа уучихаад мориныхоо тоноглол хэрэгсэл, ачаа бараагаа аваад Бүүрэг кэмп рүү машинаар хөдөлсөн. Бүүрэг кэмп Улаан цутгалангаас 20 гаруй км. Тэндээс бидний морин аялал эхлэх ёстой. Өглөөний цайн дээр шинэхэн өрөм идэх үнэхээр гоё байсан😇 Тэгээд тэр өглөөнөөс хойш ирэн иртэлээ өдөр бүр өрөм идсэн ба өрөм хайлмаганд нугасгүй дуртай над шиг хүнд бол диваажингийн орон санагдсан😄. Болдог бол тэнд үлдээд өдөр болгон өрөм идээд, хайлмаг хайлаад сууж байхгүй юу, хаха😂.
Бүүрэгт бид 10 цагийн үед очиж морио ачаалаад 11 цагт хөдөлсөн. Морь унах туршлага багатай надад номхон алаг морь, морь унах туршлагаар надаас илүү найзад маань хөл хөнгөнтэй шарга морь таарсан байсан. Тэрнээс гадна хөтөчийн морь, ачааны морь гээд 3 хүн 4 морь бид 7 аялалаа эхэлсэн билээ :). Бүүрэг хүрэх зам зуураа хоёр айлаар орсон, унд ус сайтай сайхан хүмүүс санагдсан.
За морин аялал эхлээд л үзэсгэлэнтэй сайхан уулан дээгүүр, ус намагтай газраар, хадтай асгатай хэцүү замаар, цэцэг дэлгэрсэн талаар гэх мэт явсан бөгөөд тэнд байгаа бүх л орчин маань үзэсгэлэн төгөлдөр, үнэр ялдам тансаг сайхан байсан. Бид хоёрыг явах үеэр цаг агаар сайхан, цаг дэлгэрээд, ногоо ургасан зуншлага сайтай байсан.
Морин дээр явсан хоёр өдрийн турш нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, аз жаргал мэдрээд, үзэсгэлэн төгөлдөр байгаль дэлхий, ийм сайхан эх оронд төрсөндөө бахархаад ханашгүй байсан. Одоо бодохоос бас л баясал төрөөд байна аа кк. Тэгээд замд бид гурав элдэв юм ярьж явсаар хамгийн эхний зогсоол Хүйс нуур дээр ирлээ. Дотроо хүйс шиг жижиг аралтай болохоор нь хүйс гэж нэрлэсэн гэсэн. Хүйс нуурын эрэг дээр очиход хоёр хун ирсэн байсанд аялалын багийн ганц сингл болох би ихэд билигшээсэн бөлгөө. Тэнд бид гурав “Далбан Баттулга” ахынд сайхан борцтой шөл уугаад, хэсэг амраад энэ өдрийн зорилго Ширээт нуур орохоор хөдөлсөн юм.
Бүүрэг баазаас Хүйс орох зам даваа гүвээ ихтэй, хадтай асгатай, дээшээ доошоо өгсөж уруудсан зам байсан бол Хүйс нуураас Ширээт орох зам харьцангуй хялбар бөгөөд цэцэг дэлгэрсэн талаар шахуу (тал бол биш, гэхдээ даваа нугачаа харьцангуй багатай зам) явсан. Тэгээд тэр сайхан үзэсгэлэнт байгалийн дунд явахад сэтгэл хөдлөөд, үнэхээр баясаад байгаль дэлхий, эх орноо магтсан олон дуу дуулмаар байсан боловч ихэнх дуугаа бүрэн мэдэхгүй байсаан кк. Тэгээд хэдэн дууны дахилт давтан давтан дуулж сэтгэлээ баясгасан ч дуу мэдэж, цээжилж баймаар санагдсан шүү. Өөрийн эрхгүй сайхан дуулмаар байхад дууны үгээ мэдэхгүй байвал ямар олиг байх вэ, кк. Ялангуяа ингэж явмаар байгаа хүмүүс байгаль дэлхий, сайхан Монгол орноо магтсан хэд хэдэн дуу бүрэн мэдэж, цээжилж байж аялууштай!!!
Ширээт нуур найман нуурын хамгийн том нь бөгөөд эрэг нь яг дөврөлжин, тэгш учраас Ширээт гэж нэрлэсэн юм билээ. Очоод харангуут угаасаа энэ эргээс болж Ширээт гэсэн юм байна гээд шууд бодогдоно. Бас л үзэсгэлэнтэй. Ер нь аялал маань тэр чигтээ үзэсгэлэнтэй байсан.
Нуураа харж баясаж дуусаад, майханаа барьж, хоолоо хийж идээд амарсан бөгөөд шөнө бага зэрэг бороо ороод намдсан. Аялал эхлэх үед цаг агаарын мэдээгээр бороотой гээд биччихсэн байсан болохоор жаахан санаа зовж байсан ч гэсэн тэнгэр бурхан, уул ус ивээж үнэхээр сайхан цэлмэг өдрүүд байлгасаан. Бат- Өлзийд ирэхдээ би цаг агаар сайхан байлгаж өгөөрэй гэж залбирсан юм 😄😄😄.
Өглөө нь босоод майханаа хурааж морио ачаалж хөдөллөн дараагийн нууруудаа нэг бүрчлэн үзсэн. Ширээтийн хажууд Халиут, Халиутаас жаахан яваад Бугат. Бугат дээр хэсэг амараад тэгээд Хаяа, Шанаа, Дөрөө, Баян гээд бүх нуураа үзсэн. Нуур болгон өөрийн өвөрмөц тогтоцтой ба эргэн тойрон уул ус тэгширсэн сайхан байгальтай.
Нуур хоорондын замд явахад тохиолдсон нэг онцлууштай зүйл бол би мориноос унаж “хийморио сэргээсэн” явдал юм :P. Юу болсон бэ гэвэл цэцэг дэлгэрсэн сайхан замаар би түрүүлээд давхиж явлаа л даа кк. Ихэнх зам давхих боломжгүй учраас бид мориор голдуу алхаж, хааяа шогшиж явсан юм. Бугатаас хөдлөөд хэсэг сайхан зам таарахаар нь бид хэд цогиод, тэгээд би урд нь түрүүлээд, өөртөө итгэлтэй үнэн лаг давхиж явлаа кк. Тэгтэл гэнэт нэг бүргэд нисээд, миний алаг морь үргээд, үргэнгүүт нь би уначихсан кк. Гэхдээ өвдөөгүй ээ :D, яагаачгүй. Бүргэд алаг морь бид хоёроос үргээд, алаг морь бүргэдээс үргээд нэг тиймэрхүү юм болчихсон. Намайг мориноос унахыг хараад манай хоёр их айсан гэсээн. Тэгээд намайг зүгээр байсанд, бас өвдөөгүй, бэртээгүй, уурлаагүй, уйлаагүй инээгээд байсанд санаа нь амарсан гэдэг кк. Тэгээд манай хөтөчийн хэлснээр мориноос унавал хийморь сэргэдэг гэнэ билээ. Би миний хийморь сэргэсэн гэдэгт итгэлтэй байгаа :D. (Манай найз бодсон гэсэн, хийморь мийморь ярих үед намайг уурлах байх гэж. Хүн уначихаад байхад юун “хийморь” гээд кк. Би ч ‘хийморь гэж байдаггүй юм, хүн унаж байхад юу гээд байгаа юм бла бла” гээд уурлаж болзошгүй л хүн дээ ер нь бол кк. Тэгээд уурлахгүй, хэвийн хүлээгээд авчихаар гайхсан гэсээн кк. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа сайхан байсан болохоор уурламаар санагдаагүй, бас хийморь байдаг гэж би боддоггүй ч гэсэн тэр үед бол байдаг гэж бодсон. Ер нь хааяа байдаг гэж бодоод итгэчих хэрэгтэй санагдсан шүү. Энэ аялалаас хойш миний итгэж байгаа зүйлс бол 1-рт тэр нутгийн уул ус түшиж цаг агаар сайхан байлгасан гэдэгт, 2-рт, мориноос унаад миний хийморь сэргэсэн гэдэгт, 3-рт Хан баян хайрхан намайг ивээж байгаа гэж итгэж байгаа :))
За тэгээд найман нуураа үзэж дуусаад “Далбан” ахынхаар орж сайхан цуйван идээд буцаад явсан. Буцах замд манай хөтөч бид хоёрыг бүр гоё замаар дагуулж явсан бөгөөд “сайн биш” аялагчид таарсан бол ирсэн замаараа буцдаг гэсээн :P. Тэгэхээр ёс зүйтэй, эелдэг, царайлаг, хөөрхөн аялагч байх давуу тал ихтэй, хаха. Бид хоёрын хувьд хог хаядаггүй, байгаль сүйдэлдэггүй, сайхан байгальд баясаж чаддаг, их юм шаарддаггүй, ямбатай биш, бас хүмүүсийг, ёс заншлыг хүндэлдэг, морио хайрладаг, айлд ороод мэндтэй устай, яравгар биш, эерэг гэх мэт зөндөө олон “сайн аялагч”-ийн шинжтэй хүмүүс л дээ. Тэрнийхээ хүчинд Найман нуурын тав нь зэрэг харагддаг даваан дээр гарч, ууланд алхаж, өндөр уулаас морио хөтлөн бууж адал явдалтай, сэтгэл ханамжтай аялсан.
Тэгээд Бүүрэг кэмп-д ирээд би машин унаж буцах хэрэгтэй болсон. Манай хөтөч моринуудаа урьдчилж авчирсан байсан ба буцах үед морио ч, машинаа ч аваад Улаан цутгалан явах хэрэгтэй байсан юм. Ингээд би машин барих хэрэгтэй болсон бөгөөд энэ талаар би УБ-аас гарахдаа л мэдэж байсан билээ. Морь муу унадагтайгаа адилхан машинд бас муу бөгөөд найз Урогоо бодвол жолоочийн үнэмлэхтэй, хальт машин барьсан туршлагатайгаараа энэ “эрхэм үүргийг” хүлээж авсан юм. Би урьдчилаад “Морь ч унана, машин ч унана. Аль алиныг нь би чадна” гэж өөртөө итгүүлсэн бөгөөд чадахгүй байсан ч хичээнэ гэж бодсон байсан бөлгөө 😄.Бодсоноороо сайн байж чадсан ба тэр их чулуутай, нугачаатай, жалга, судаатай замаар дажгүй сайн яваад ирсэн өөрөөрөө бахархаж байгаа хаха.
Ингээд Улаанцутгаланд дахиж нэг хоноод, өглөө нь шинэхэн өрөм авч, цайгаа ууж, хүрхрээгээр орчихоод Бат- Өлзий рүү хөдөлсөн. Замдаа машин нь эвдэрсэн гурван Франц жуулчинг дайж аваад сум орж нийтийн тээврийн автобусандаа суугаад УБ-таа ирсэн билээ.
Маш сайхан аялал болсон бөгөөд нийт зардал, хувийн бэлтгэлийн талаар эндээс уншаарай.
Аялалын туршид анзаарсан зүйлийн хувьд машинаар хүрэх боломжгүй байх тусмаа онгон дагшин, үзэсгэлэнт байдлаа хадгалдаг юм билээ, бас ойр орчмын айлууд найрсаг дотно, малчин хүний уужуу сэтгэлээ гээгээгүй байгаа санагдсан. Мөн нарны эрчим хүчийг ашиглаад “Малчны шар” гэдэг брендийн хөргөгч, угаалгын машин, зурагт, гэрэл гэгээ, бүр “Гэр интернэт”-тэй байсан нь хөдөө сайхан амьдрах боломж бүрэн байгааг харуулж байсан. Бас аялагч, жуулчдад үзүүлж байгаа үйлчилгээнийхээ үнийг нэгдсэн байдлаар тогтоох хэрэгтэй санагдсан. Бас зөвхөн сарлаг л саадаг гэдгийг сонсоод хонь, ямааны хайран сүүг ашиглаж чадахгүй, хүн хүч хүрэхгүй байгаагийн үр дүнд бид хуурай сүү уух хэрэгтэй болдог юм болов уу даа гэж бодсон.
Нэгдсэн бодлоготойгоор малынхаа ашиг шимийг бүрэн хүртээд байвал цэвэр, органик, монгол сүү, бүтээгдэхүүнээ орон даяар хүргээд, дотоодын хэрэгцээгээ хангасны дараа хоёр хөршдөө нийлүүлэх бүрэн боломжтой шиг санагдсан. Жишээ нь манай нутагт бол зөвхөн ямаа л саадаг. Сарлаг, үхэр ховор болохоор, бас бороо орохгүй цаг муу болвол сүү гарах гэж уддаг болохоор ихэнх айлууд хар цай уудаг. Харин хажуу хангайн аймагт цаг сайхан байгаад сүү тараг элбэг байвал говийн аймгуудын иргэд шинэ сүү, өрөм тараг идэж болмоор л санагдсан.
Бас замд таарсан хүмүүс бид хоёрыг “гэрт суухаасаа өмнө” сайхан аялаж байгаа хоёр байна гээд дэмжиж магтаж байсан. Domestic tourist болоод эх орноо сайн үзэж мэдрэх хэрэгтэй санагдсан шүү. Дараа нь Баян-Өлгий, Хөвсгөлийн цаатан, Хэнтийн буриадуудын нутгаар аяламаар байгаа.
Аялал маань үнэхээр сайхан үзэсгэлэн төгөлдөр байгаль үзүүлэхээс гадна, эрч хүч энерги сэлбэсэн, итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг минь сэргээсэн, сайхан хүмүүстэй уулзуулсан аялал байлаа.
Баярлалаа.
Т. Энхбаяр
2019. 06. 19